personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
11
нэгдүгээр сар

Сибирийн хамгийн сонирхолтой хүрхрээнүүд

Маш өндрөөс урсаж, хүчирхэг урсгалтай гайхалтай үзэмжээрээ сэтгэлийг татах хүрхрээтэй олон газрууд Сибирьт байдаг тухай бүлэг...

Сибирь бол усны нөөцөөр баялаг гайхалтай нутаг юм. Газарзүйн байрлал, цаг уурын ачаар энд маш олон нуур байдаг (Байгаль нуур гэхэд л маш үнэ цэнэтэй) бөгөөд тэнгис далай руу цутгадаг гол мөрөн цөөнгүй байдаг. Мөн энэ нутагт байгалийн хамгийн гайхалтай бүтээл буюу хүрхрээ олон байдаг, маш хүчирхэг урсгал нь хадан цохио ба усны гадаргуутай тулж бут үсэрдэг. Үнэхээр сэтгэл хөдөлгөм үзэгдэл билээ, хэнгэрэг цоолох мэт чимээ шуугиан, догшин зэрлэг гоо үзэсгэлэнгээр хүрээлэгдэн энэ дэлхий дээр та ганцаараа үлдсэн юм шиг сэтгэгдэл төрдөг.

Өнөөдөр бид Сибирийн хамгийн сонирхолтой таван хүрхрээний талаар ярьж өгнө. Магадгүй та зарим нэгийг нь мэдэх байх, гэхдээ та өөрийн нүдээр харахыг хүсэх нь дамжиггүй.

Сибирийн хамгийн нууцлаг Тальниковын хүрхрээ

1975 онд нээгдсэн, Красноярск мужид Путораны дархан цаазат газрын хил хязгаарт Путораны хавтанд байрладаг. 15 шаттай, Трапец уулнаас урсаж, Дюпкун нууранд цутгадаг.

Энэ бол Сибирийн хамгийн нууцлаг хүрхрээ юм. Учир нь хүн бүхэн очиж үзэх боломжгүй: хавар цас хайлах үед хэдхэн долоо хоногт л хүрхрээ нь усаар дүүрдэг. Зуны улиралд хатаж, жижигхэн горхи болж хувирдаг, харин өвөл мөсөнд баригддаг. 1990 он хүртэл энэ хүрхрээг домог гэж үздэг байсан, энэ үеэс түүнийг анх хэмжиж эхэлсэн. Гэхдээ 482 м гэж алдаатай хэмжилт хийсэн гэдгийг дараа нь илрүүлсэн юм.

Үнэн хэрэг дээрээ хүрхрээ нь 600–700 м өндөртэй боловч эрдэмтэд одоогоор өндрийг нь нарийн тогтоогоогүй байгаа. Тальниковын хүрхрээнд голоор эсвэл нисдэг тэргээр хүрч болно, хэрэв та энд бороотой үед очвол их завшаантай хэрэг болно, энэ үед хүрхрээ нь маш гоёмсог харагддаг.

Жилийн турш үзэсгэлэнтэй: Шинок голын бага хүрхрээнүүд

Шинок голын хүрхрээнүүд бол Алтайн хязгаарын Солонешенскийн дүүргийн үзэсгэлэнт хөндийд орших хамгийн том байгалийн үзвэр юм. Хэдийгээр тэнд хүрэх нь тийм ч хялбар биш боловч (хамгийн ойрын суурин газар 10 км-ийн зайд байдаг) есөн ширүүн урсгалтай хүрхрээ нь жил бүр нутгийн иргэд, жуулчдыг татдаг: тэд зуны улиралд нүргээн ихтэй чимээ шуугианыг сонсч, харин өвөл бол сийлсэн мэт мөсөн хадан цохионуудыг биширч, тэр ч байтугай түүн дээр авирахын тулд энд ирцгээдэг.

Эхний гурав нь есөн хүрхрээнээс хамгийн алдартай. Жуулчид эхлээд ямар ч чимээгүй бөгөөд гэнэт л гарч ирдэг Скаты буюу нутгийн ард Энхрий зэрэглээ гэж нэрлэсэн хүрхрээтэй тааралддаг. Алба ёсоор бол усны гүйдэлд хамаардаг, учир нь энд унах усны налуу нь ердөө 30 градус байдаг, харин хүрхрээ гэж тооцогдохын тулд дор хаяж 45 байх ёстой юм. Гэхдээ энэ бүх тоо баримт нь түүний гоо үзэмжийг нууж чадахгүй ээ.

Дараагийн хүрхрээ бол 25 м өндөртэй Рассыпной хүрхрээ: эхлээд хадан цохион дээр бууж, дараа нь сувдан цацрагаар цацардаг тул түүнийг мөн Том Үсрэлт гэж нэрлэдэг. Гурав дахь нь Буурал хүрхрээ Алтайд хамгийн өндөрт тооцогддог: 72 м-ийн өндрөөс бууж, сүр дуулиантай хавцал руу урсан ордог. Өвөлдөө түүний царцсан урсгал нь өвөөгийн буурал сахлыг санагдуулдаг тул албан ёсоор ингэж нэрлэдэг болсон байх. Эдгээр хүрхрээнүүдийн усны химийн найрлага нь эрдэсжүүлсэн булгийн устай ойролцоо байдаг учир унданд хэрэглэх боломжтой.

Путораны хавтангийн хаалга: Улаан чулуу хүрхрээ

Хүрхрээ нь Талнах хэмээх Норильск дүүргийн ойролцоо байрлах Хараелах уулсын нуруудын улаан хүрэн өнгөтэй уулын хавцалд урсдаг. Усны урсгал 600 м өндөр уулнаас урсаж, 9 м гүн цэнгэг устай нууранд шууд цацран буудаг. Путораны хавтангийн бусад хүрхрээтэй харьцуулахад энэ хүрхрээ нь том биш боловч үнэхээр сэтгэл татам харагддаг. Улаан чулуу бол Путораны хавтангийн жижигрүүлсэн хувилбар гэж ярьдаг. Ихэнхи жуулчид энд хүрэлцэн ирж гайхалтай байгалийн үзэмжийг тольдохоос гадна мөн хаданд авирдаг.

Гайхалтай үзэмжтэй Малый Жомболок хүрхрээ

Буряд зоны ариун шүтээн болох Малый Жомболок голын хүрхрээ нь 22 м өндрөөс ойролцоогоор 40 м диаметртэй тойрог нүх рүү урсдаг. Энэ жижигхэн нуурын эргэн тойронд зуугаад настай гацуур ургадаг тул үлгэрийн мэт үзэсгэлэнтэй харагддаг юм. Өмнө нь энд цэлгэр тал байсан боловч газар хөдлөлтөөс шалтгаалан нуралт үүсч Сибирь нутагт дахин нэгэн онцгойд газар бий болсон гэж таамагладаг.

Жуулчид жил бүр энэ хүрхрээнд ирцгээдэг. Хавар үерлэж их хүчтэй урсгалтай болдог, харин өвөл түүний урсгал хөлддөг, гэвч нэг цул болж хөлдөхгүй, сталагмит ба сталактит болж хугарч хөлддөг, үүнтэй олонтоо тааралдахгүй. Онгон дагшин гоо үзэмжээс гадна хүрхрээний эргэн тойронд соёл иргэншлийн ул мөр болох ажиглалтын тавцан, шат үлдсэн байна. Урсгалын доогуур замтай, тиймээс онц сониуч хүмүүс сэтгэлээ сэргээж, усанд орох боломжтой.

Алтай нутгийн хамгийн үзэсгэлэнтэй Корбу хүрхрээ

Энэхүү хонх хэлбэртэй өвөрмөц хүрхрээ нь Алтайн дархан цаазат газарт, Корбу нуруу ба Телецк нууранд цутгадаг мөн ижил Корбу нэртэй гол дээр байрладаг. Корбу бусдаас ялгатай нь өнцгөөр унадаг: 12,5 метрийн өндрөөс урсах усны урсгал нь хадан дээр нүсэр их чимээтэй унаж, нарны гэрэлд солонгын бүх өнгөөр гялалзах нэг төрлийн цацрах сэнс үүсгэдэг, энэ нь тэр ч байтугай ажиглалтын тавцан дээр байгаа жуулчдад хүрдэг юм. Нуурын эргээс түүнд хүрэх модон эко жимийг гаргасан, ингэснээр Улаан номонд бичигдсэн ховор төрлийн өвс ургамлыг хамгаалдаг.

Сибирь нутагт үнэхээр гайхалтай газар их байдаг гэдэгтээ санал нийлж байна уу? Сибирийн байгалийн сүр жавхлан, хүч чадал нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг, тэр дундаа усан орчинд сайхан туссан байдаг. Сибирьт маш олон гайхалтай хүрхрээ байдгийг та мэдэж байсан уу?

[}item{]