Бид Сибирийн Номондоо хил хязгааргүй бөгөөд сүр хүчтэй нутгийн нууцуудын тухай олон удаа дурьдаж байсан. Ихэнхи хүмүүсийн хувьд «Сибирь» гэдэг үгэнд энэ нутгийн сүр жавхлан, түүний баялаг түүх, соёл, онцгойд байгаль шингэсэн байдаг. 11-р сарын 8-нд ОХУ-д Сибирийн Өдрийг тэмдэглэсэн, харин бид өнөөдөр энгийн боловч чухал асуудлыг хөндөхөөр шийдлээ: яагаад энэ нутгийг ингэж нэрлэсэн юм бэ?
Эрдэмтэд «Сибирь» гэдэг үгний үнэн зөв гарал үүслийн талаар нэгдсэн саналд хүрч чадаагүй. Гарал үүслийн хэд хэдэн хувилбарууд байдаг бөгөөд аль аль нь нотолгоотой, үндэс суурьтай юм. Гэхдээ тэд бүгдээрээ нэг л баримтыг баталдаг: Уралын нуруудаас Номхон далай хүртэлхи зүүн зүгийн бүх нутгийг оросууд ирэхээс өмнө «Сибирь» гэж нэрлэдэг байсан. Хамгийн алдартай таамаглалуудыг авч үзье.
Албан ёсны хувилбарууд
Бас нэгэн онолын дагуу «сибэр»/«чибэр» гэдэг үгс нь тюрк хэлэнд «гоё, үзэсгэлэнтэй» гэдэг утгатай юм. Эртний татарууд бидний адил сибирийн байгалийн гоо үзэмжийг биширч байсан нь тодорхой. Мөн тэд бүх зүйлсийг энгийн бөгөөд ойлгомжтойгоор нэрлэх дуртай байсан: жишээ Чебаркуль нуурийн нэрийг татар хэлнээс орчуулбал «гоё нуур» гэсэн утгатай.
Өөр нэг хувилбар нь монгол хэлнээс гаралтай. Монгол хэлнээс «шибир» (Sibir) гэдэг үгийг орчуулбал «ой мод ургасан намагтай газар» гэсэн утгатай. Хэрэв Сибирийн өмнөд бүсийн байгалийг харвал яг ийм л дүр төрхтэй байдаг: энд хусан төгөл намагтай ээлжлэн ургадаг. Зүүн өмнөдөөс Сибирьт ирсэн Монголчууд заавал намагтай нугаар гардаг байлаа.
Гурав дахь хувилбар нь «сабыр» эсвэл «сипыр» хэмээх угсаатны бүлгийн нэртэй холбоотой. Энэхүү угсаатан нь Иртыш мөрний эрэг дээр одоогийн Тобольск хотын ойролцоо нутагладаг байсан бөгөөд Баруун Сибирь, Казахстан ба Дундад Азийн бусад угсаатны бүлгүүдтэй харилцдаг байсан гэж үздэг. Тухайн нутагт оршин суудаг байсан ард түмний нэрээр оросууд газар нутгийг нь нэрлэдэг байсан гэж таамагладаг. XIII зуун хүртэл «Сибирь» гэдэг үгийг зөвхөн угсаатанд хэрэглэдэг байсан бөгөөд дараа нь хүмүүсийн амьдрах бүс нутагт хамааруулдаг болсон юм.
Албан бус хувилбарууд
Хамгийн алдартай албан бус хувилбар бол «Сибирь» гэдэг үг орос хэлний «хойд зүг» гэдэг үгнээс гаралтай, гэхдээ Москвагийн Оросын хувьд энэ нутаг дэвсгэр нь хойд зүгт биш харин зүүн талд байрладаг. Мөн «Сибирь» хэмээх газар нутгийн нэр нь английн sea ба bear гэдэг үгсийн нийлбэрээс гаралтай гэж үздэг, энэ нь «далайн, эсвэл цагаан баавгай» гэсэн утгатай юм. Гэхдээ англичууд Сибирийг оросуудаас нилээд хойш олж мэдсэн учир англи хэлтэй ямар ч хамааралгүй.
Бас нэгэн тюркийн хувилбараар бол «Сибирь» гэдэг үг нь су «ус» ба бир «зэрлэг ой» гэдэг хоёр үндэстэй байж магадгүй.
Татар хэлэнд «сэбэр» гэдэг үг байдаг, энэ нь «шуурга шуурах» гэсэн утгатай, тиймээс үүнийг сибирийн хатуу хахир өвөлтэй бас холбож болох юм. Монгол ба буряд ардын үлгэр домогт Сымыр уул гэж гардаг, үүнтэй холбоотой бүс нутгийг бас ингэж нэрлэсэн байж магадгүй.
Зарим нэгэн кавказ нутгийн хэлэнд Сибир, Сибирбек гэсэн эрэгтэй хүний нэр байдаг, харин тюркийн ард түмэнд Шибир гэдэг нэр их түгээмэл тааралддаг. Эдгээр нэрсээс Сабуров, Сиеров, Шипуров ба бусад тюрк хэлний олон янзын овгууд үүссэн гэж үздэг.
Бид «Сибирь» гэдэг үгний үүсэл гарлын хэдхэн хувилбаруудыг нэрлэлээ. Орчин үеийн эрдэмтэд одоогоор энэ нэрийн гарал үүслийн талаар маргаж байхад бид тэдний дэвшүүлсэн таамаглалуудыг судласаар байна. Танд харин аль хувилбар нь илүү үнэн санагдаж байна вэ?